Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай өнгөрөгч долоо хоногт хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн.
Тэрбээр энэ үеэр “НӨАТ-ын паданыг зориудаар зохион байгуулалттай хуурамч бичилт хийж, татвараас зугтаалгаж байгаа асуудлыг олон нийтэд” илчилсэн юм. Эл байдалтай тэмцэж эхэлсэн цагаас хойш өдгөө хүртэл 90 аж ахуйн нэгжийн НӨАТ-ын тайлан өгөх эрхийг нь түдгэлзүүлсэн аж. Тоон болон гарын үзэг зурах эрхийг нь мөн л түдгэлзүүлсэн байна.
Тэдгээр аж ахуйн нэгж татварын ерөнхий хуулийн дагуу Татварын албанаас хийсэн шалгалтаар хуурамч борлуулалттай паданыг зах зээлд гаргасан нь тогтоогдсон байна. Түүнчлэн 90 аж ахуйн нэгжийн 40-д нь шинжилгээ хийж үзэхэд 319.3 тэрбум төгрөгийн борлуулалтын бичилт хийсэн хэрнээ нэг ч төгрөгийн татварыг улсад төлөөгүй нь батлагдсан ажээ.
Энэхүү 319.3 тэрбум төгрөгөөс аж ахуйн нэгжүүд хоорондоо бичсэн бичилтийг хасч үзэхэд 134.3 тэрбумын цэвэр борлуулалт буюу улсын төсөвт 13.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан баримтаар батлагдсан аж. Түүнчлэн эл арга хэмжээний нэг анхаарал татсан зүйл нь гуравхан хүний нэр дээр 32 компани байгуулсан явдал байлаа. Ямар ч хууль эрх зүйн мэдлэггүй бор хоног шар өдрийг арай гэж өнгөрүүлдэг ядарсан нэгнийхээ бичиг баримтыг ашиглаж, нэр дээр нь компани байгуулсан байгаа юм.
Тэгэхдээ нэг компани байгуулахад 20 мянган төгрөгөөр аргацаасан атлаа тус компаниуд сардаа л гэхэд дор хаяж тэрбумын ашигтай ажилладаг гэдгийг шалгалтын үеэр илрүүлсэн байна. Улмаар дээд тал нь 10 тэрбумын ашигтай ажилладаг гэв. Эдгээр компани нэг ч ажилтангүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, хуулиас гадуур үйл ажиллагаа явуулаад сурчихсан бүлэг этгээдүүд байсныг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэдгээ Татварын ерөнхий газраас мэдэгдлээ.
Түүнчлэн 40 аж ахуйн нэгжийн гурван компанид нь шалгалт хийхэд хуурамч паданы асуудлаар орооцолдсон 832 байгууллага илэрсэн байна. Үүнээс 258 аж ахуйн нэгжтэй нь Татварын ерөнхий газрынхан уулзсан байна. Тэгээд тайланд нь засвар хийлгүүлсэн аж. Тиймээс 1.1 тэрбум төгрөгийн татварыг улсад төвлөрүүлээд байна. Харин 2011, 2012 оны зөрчилд хамаарах 709.6 сая төгрөгийн акт тогтоон ажиллаж байгаа ажээ.
Улмаар татвараас зугтах, ядарсан нэгнийгээ мэхлэх, хуурамч падааны бичилт хийх зэрэг асуудал энэ оноор дуусгавар болж байгааг Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай хэлж байсан юм. Учир нь ирэх оноос тус байгууллага цахим хэлбэрт шилжиж, бүх зүйл хяналтад байхыг сануулж байсан. Хэдийгээр Татварын ерөнхий газраас дээрх үйлдэлтэй тэмцэж буй ч шинээр батлагдах хуулийн төсөлд илүү дэлгэрэнгүй, эрх зүйн талаасаа хатуу байр суурийг баримталсан хууль батлагдана гэсэн хүлээлт байгааг дуулгаж байсан юм.
Орон сууцны зээл санхүүжилтийн шинэ их үүсвэртэй болов Өнгөрөгч долоо хоногт болсон бас нэг чухал арга хэмжээ бол ипотекийн орон сууцны зээлийг тасралтгүй үргэлжлүүлэх алхамын баталгаа болгож үнэт цаасыг албан ёсоор гаргасан явдал байлаа. Өөрөөр хэлбэл, Монголын ипотекийн корпорациас “МИК Актив-1” нэртэй охин компаниараа дамжуулан арилжааны есөн банктай гэрээ байгуулсан юм.
Нийт 322.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн багцыг худалдан авч, үнэт цаас гаргав. Эл арга хэмжээнд МИК-ийн удирдлагууд, Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын захирал Б.Саруул, арилжааны банкны удирдлагууд оролцож, гэрээ байгуулсан нь олон нийтэд итгэл төрүүлэхээс гадна ипотекийн зээл урт удаан хугацаанд үргэлжлэх нэг баталгаа болж өглөө. Түүнчлэн арилжааны банкууд ипотекийн орон сууцны зээлийг олгож эхэлснээс хойш буюу зургаан сарын хугацаанд 12.106 өрхөд шинээр зээл олгожээ. Харин 166.923 өрхийн зээлийг жилийн найман хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн байна.
Улмаар 322.9 тэрбум төгрөгийн чанартай зээлийн багцыг худалдан авч, үнэт цаас гаргаснаар цаашид 7200 гаруй өрх найман хувийн зээлийг шинээр авах боломж бүрдэж байгаа нь олны анхаарлыг илүүтэй татаж байгаа юм. Ингэснээр жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжүүлэх шинэ төрлийн эх үүсвэр бий боллоо гэсэн үг.
Б.Пүрэвжав
No comments:
Post a Comment